ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Шаарийбуу: Уучлаарай гэдэг үгний төлөө 21 жил явлаа

O.Admin
6 цагийн өмнө

Малайз улсад орчуулагч хийж яваад тус улсын цагдаагийн байгууллагын хоёр ажилтны гарт зэрлэгээр амиа алдсан Ш.Алтантуяа агсаны аав С.Шаарийбуу гуай энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд 20 гаруй жил тус улсын Засгийн газартай шүүхдэлцэж буй. Улмаар хэрэг улам бүр ээдрээтэй болж, хохирлыг барагдуулах бус эсрэгээрээ Засгийн газар нь хариуцлагаас мултарч буй учраас энэ талаар дэмжлэг үзүүлэхийг хүсэж Ерөнхий сайд Г.Занданшатарт хандсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр түүнийг хүлээн авч уулзаж, хэргийн араас анхаарал тавих, үнэн зөвөөр шийдүүлэхэд туслах ажлын хэсэг байгуулж, даргаар нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг томилжээ.

Энэ талаар С.Шаарийбуу гуай ярихдаа “Би Монголын төрдөө бараг л анх удаа хандлаа. Сайхан хүлээж авлаа. Гол нь асуудлыг маш шуурхай шийдэж өглөө. Өнгөрсөн 21 жил миний эсрэг Малайзын Засгийн газар өргөдөл гаргаж явсан. Надтай давж заалдсан. Энгийн нэг иргэнтэй бүхэл бүтэн улс, хууль шүүх, төр шүүхдэлцэж байгаа. энэ удаад би аргагүйн эрхэнд Холбооны шүүхэд давж заалдсан.

Иргэн би тус улсын хамгийн дээд байгууллагад хандахаар Монголын Засгийн газар иргэнээ хамгаалж хамт орох эрх нээгдэж байгаа юм. Өмнө нь нээгдэхгүй байсан. Ажлын хэсэг байгуулагдсанаар юу юу бүрдүүлэх, хэрхэн харьцах, яаж ажиллах вэ гэдгээ шийдэх юм. Ажлын хэсэгт хүний эрхийн хуульч, Засгийн газрын төлөөлөл, өмгөөлөгч гээд олон хүн багтлаа.

Би давж заалдаж байгаа учраас төр оролцох боломж гарлаа. Хүмүүс намайг мөнгөний төлөө яваад байна гэдэг. Би уучлаарай гэдэг үг сонсох гэж үнэний төлөө явж байгаа юм. уучлаарай гэдэг үг хэлүүлэх гэхээр хэрэг хийсэн хүмүүс зарим нь Австралид, зарим нь нутагтаа гэх сонин байдалтай 20 жил боллоо” хэмээн ярив.